ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШҮҮХҮҮДЭД АЖИЛЛАЛАА

2022-04-15      438     
     

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутгийн шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа болон шүүгч, ажилтны ажиллах орчин нөхцөлтэй танилцах, тэдний санал бодлыг сонсох, тулгамдаж байгаа асуудлыг судлах, тус зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор албан томилолтоор ажиллаж байна.
    Тус ажлын хүрээнд  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Н.Отгончимэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн ахлах референт Б.Оюуннасан нар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаатай болон шүүгч, ажилтны ажлын байрны ажиллах орчин нөхцөл, өрөө тасалгааны хүртээмж, шүүхийн байртай нэг бүрчлэн танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, нийт шүүгч, албан хаагчидтай уулзалт ярилцлага зохион байгууллаа. 
    Уулзалтын үеэр  гишүүн Э.Зоригтбаатар, Н.Отгончимэг нар нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого чиглэл, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн хүрээнд өөрчлөн байгуулагдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш дөрвөн сарын хугацаанд хийж хэрэгжүүлж байгаа ажил, батлагдсан дүрэм, журмын талаарх мэдээллийг танилцуулав. 
    Уулзалтын төгсгөлд шүүгч, ажилтнууд сонирхсон асуудлаар ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авах замаар харилцан санал бодлоо солилцлоо.

    

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР