ҮЗҮҮЛЭХ ШҮҮХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-22      640     
     

Дархан-Уул аймагт шүүх байгуулагдсаны түүхт 60 жилийн ой 2022 онд тохиож байгаа билээ. Ойн баярын арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон сум дундын анхан шатны шүүхийн Тамгын газрын захиргааны нийт албан хаагчдын дунд үзүүлэх шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

            Үзүүлэх шүүх хуралдааны үндсэн зорилго шүүхийн захиргааны албан хаагчдад  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа, шүүх хуралдааны дэг, мэтгэлцэх зарчим, өгөгдсөн тохиолдол дээр хууль эрх зүйн гаргалгаа, үндэслэл бүхий дүгнэлт хийх чадвар, мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх. Мөн түүнчлэн Ерөнхий боловсролын ахлах ангийн эрх зүйч, хуульч мэргэжлийг сонгон цаашид суралцах сонирхолтой сурагчдыг урьж мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой зохион байгуулагдаж байна.

            Үзүүлэх шүүх хуралдаанд шүүхийн захиргааны нийт 30 албан хаагч шүүх, прокурор, өмгөөлөл гэсэн гурван баг болон хуваарилагдаж, тэмцээн зохион байгуулах комиссоос бэлдсэн тохиолдол дээр дүн шинжилгээ хийж, багаараа шүүх хуралдаанд бэлдэж оролцлоо.

Шүүхийн баг

            Г.Дашдаваа ахлагчтай шүүхийн багаас өнөөдрийн үзүүлэх шүүх хуралдааны даргалагч шүүгчээр Ц.Ганхуяг, бүрэлдэхүүн шүүгчээр Т.Төмөрчөдөр, Ц.Туяацэцэг нар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаа Б.Билгүүн, иргэдийн төлөөлөгчөөр Д.Баярмаа нар оролцлоо.

Прокурорын баг

            Г.Батболд ахлагчтай прокурорын багаас шүүх хуралдаанд прокуророор Г.Батболд, Д.Балжинням нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Х.Наранцацрал, шүүх хуралдааны дэг сахиулагчаар Б.Мандуул нар оролцлоо.

Өмгөөллийн баг

            Н.Дэлгэрнаран ахлагчтай өмгөөллийн багаас шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Н.Дэлгэрнаран, Г.Чойном нар, хохирогчийн өмгөөлөгчөөр Г.Ган-Эрдэнэ, Т.Дэжидсүрэн нар оролцлоо.

            Үзүүлэх шүүх хуралдаан 10 цаг 50 минутад эхэлж, 13 цаг 00 минут хүртэл 2 цаг 10 минут үргэлжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Н.Идэр, Т.Жавхлантөгс, Г.Гэрэлт-Од, З.Төмөрхүү, Б.Ихтамир, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг нар шүүх хуралдааныг онлайн төхөөрөмжөөр өөр шүүх хуралдааны танхимаас ажиглан, багуудын шүүх хуралдааны бэлтгэл ажил, шүүх хуралдаан даргалагчийн хуралдаан даргалж буй байдал, шүүх хуралдааны дарааллыг баримталж буй эсэх,  талуудын мэтгэлцэх чадвар, үндэслэлээ хэрхэн нотолж буй зэрэгт үнэлэлт өгч шүүх хуралдаанд оролцогчдыг дүгнэлээ.

            Үзүүлэх шүүх хуралдаанд идэвх зүтгэл гарган, манлайлан оролцсон Г.Батболд ахлагчтай прокурорын баг нэгдүгээр байр, Н.Дэлгэрнаран ахлагчтай өмгөөллийн баг хоёрдугаар байр, Г.Дашдаваа ахлагчтай шүүхийн баг гуравдугаар байр тус тус эзэллээ. Үзүүлэх шүүх хуралдаанд идэвхтэй оролцсон баг, нийт албан хаагчдадаа цаашдын ажил, үйлсэд нь өндөр амжилт хүсье.

            Шүүх хуралдаанд ажиглагчаар уригдан оролцсон ЕБС-ийн сурагчдын төлөөлөл О.Жавзмаагийн сэтгэгдлийг хүргэж байна.

                        Намайг О.Жавзмаа гэдэг.  Дархан-Уул аймгийн 9 дүгээр сургуулийн 12Б ангид суралцдаг.  Би шүүгч, хуульч мэргэжилтэй болно гэж зургаадугаар ангидаа сонгочихсон байсан. Бид өмнө мэргэжил сонгох арга хэмжээний хүрээнд шүүхтэй танилцаж байсан. Харин өнөөдөр шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох боломж гарсанд баяртай байна. Шүүх хуралд оролцсоноороо шүүгч яг ямар ажил хийдэг, шүүх хурал яаж болдог гэдгийг мэдэж авлаа. Мөн өнөөдрийн хэрэг маш сонирхолтой байлаа. Та бүхэнд маш их баярлалаа.

           

          ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР