ХУУЛЬ БУС БАРИМТЫГ ҮНДЭСЛЭЖ ОЛГОСОН ӨМЧЛӨХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛНО

2023-03-23      446     
     

Шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.21-ний өдрийн 114/ШШ2022/0004

Тоймын огноо, дугаар: 2023 оны 03 дугаар сарын 21, Дугаар 4

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч С нь миний 27 жил ээж Д-ийн хамт амьдарсан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй байрыг ах Б нь хууль бусаар баримт бүрдүүлэн зөвхөн ээж Д-ийн нэрийг бичиж, орон сууц өмчлөх гэрчилгээ дээр хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд нэрийг хасуулж 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Орон сууц хувьчлах товчооноос “дахин олголт” тэмдэглэгээтэйгээр дугаар бүхий орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг авч, уг гэрчилгээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль бус гэж үзэж гэрчилгээ, улсын бүртгэлийг  тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Анх Орон сууц хувьчлах товчооны тоот тогтоолоор тухайн байрыг 1998 онд хувьчилсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээнд ээж Д, хувьчлагдсан орон сууцыг хувь тэнцүүгээр  дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдэд 3 хүний нэр бичигджээ. Улмаар ах Б.нь ээж Д-ийн нэр дээр дахин олголт нэртэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахдаа хамтран өмчлөх эрхтэй 3 хүний нэрийг бичүүлэлгүйгээр орхигдуулж ээж Д-д орон сууц өмчлөх эрхийн шинэ гэрчилгээг гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Тодруулбал: Ээж Д-д дахин өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай Орон сууц хувьчлах товчооны албан ёсны шийдвэр гараагүй, тухайн өмчлөх гэрчилгээг дахин авах тухай хүсэлт, бүрдүүлж өгсөн гэх баримт материал  орон сууц хувьчлах товчооны баримтад байхгүй, хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл аваагүй, гишүүдээс хасагдах болон хасах талаарх хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй байхад аймгийн орон сууц хувьчлах товчооноос орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэлгүйгээр дахин бичиж олгосон нь хууль бус, аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 19 дүгээр тогтоолтой зөрчилдсөн байна.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос https://shuukh.mn/single_case/9422?daterange=2022-01-01%20-%202023-03-10&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нарантуяа.