“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2024” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

2024-05-01      106     
     

 

         Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн Ерөнхий зөвлөл хамтран жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн Про Боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой тус арга хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг "Шинэ зах” худалдааны төвийн гадна талбайд 14:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдлаа.

          Өдөрлөгийн үеэр Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн боловсролыг нь нэмэгдүүлэх зорилгоор мэдээ мэдээлэл өгч, иргэдийн зүгээс сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

           Тус өдөрлөгт Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатын шүүх , Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь референт, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн Бүсийн шүүхийн шинжилгээний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 445-р нээлттэй хорих анги, Гадаадын иргэн харьяатын газрын Дархан-Уул аймаг дахь төлөөлөгч, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нотариачидын Дархан-Уул аймаг дахь салбар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагууд хамтран оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өглөө.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР