ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-06-20      11     
     

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

            Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Дархан-Уул аймгийн Шарын гол, Орхон сумдын 2022-2024 оны хооронд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд “Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт”-ыг хэрхэн батлах талаар зохицуулсан байдаг.

62.2.Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг дараах журмаар бүрдүүлнэ:

62.2.1.Ерөнхий зөвлөлөөс тухайн орон нутгийн хүн амын тоог харгалзан баталсан жишиг тоог үндэслэн иргэдийн төлөөлөгчийн нэрсийг гаргуулахаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

62.2.2.улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэдийн төлөөлөгчдийн нэрсийг санамсаргүй аргаар цахим хэлбэрээр улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас сонгож, холбогдох мэдээллийн хамт 21 хоногийн дотор Ерөнхий зөвлөлд хүргүүлэх;

62.2.3.Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн нэрсийг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тухайн анхан шатны шүүхийн Тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран нягталж, иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухайн шүүхийн Тамгын газрын дарга баталгаажуулах.

62.3.Энэ хуулийн 62.2-т заасны дагуу гаргасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт хоёр жил хүчинтэй байна” гэж зохицуулсан байдаг.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2630 хүн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байна.Үүнээс Дархан сум 773,  Шарын гол сум 156 , Орхон сум 173, хүн тус тус сонгогдсон байна.

Тус шүүхийн тамгын газраас 2022.06.09-ний өдөр Шарын гол суманд, 2022.06.16-ны өдөр Орхон суманд шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Нинжбадгар нар тус тус ажиллаж  сонгогдсон иргэдэд - шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр хэрхэн сонгогддог,

  • сонгогдсон тохиолдолд хэрхэн шүүх хуралдаанд оролцох,
  • иргэдийн төлөөлөгчийн эдлэх эрх, хүлээх хариуцлага,
  • иргэдийн төлөөлөгчийн гаргах дүгнэлтийн ач холбогдол,
  • иргэдийн төлөөлөгчийн хөлс, замын зардал, албан томилолт зэргийн талаар  дэлгэрэнгүй  мэдээлэл өгч,

            Мөн Дархан-Уул аймгийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагааны онцлогийг танилцуулж, шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН  ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР